Sunday, February 17, 2013

Үхэхийн өмнө ч гэсэн...

Үхэхийн өмнө ч гэсэн ийм мэдрэмж төрөх үү
Үнсүүлээд үгүйрчихсэн мэт өр эмтлэм байх уу
Нүдийг чинь, уруулыг чинь өөрөөсөө харж
Нүүр, сэтгэлээ үзэн ядаж, халуун шунагаар тарчлах уу
Ахиад би ингэж хэдэн жил амьд явах вэ
Амьдрах гэдэг үнэндээ чиний дотор хоригдох мэт...
Ахиад би ингэж хэр удаан тэвчих вэ
Амаа ганц ч ангайлгүй чамайг дуудан хашхирч...
Хэр удаан гараа сунгавал чи намайг татах вэ
Хэрхэн энд ирснийг нулимс минь илчилнэ
Хэр удаан би ингэж үлээгдсэн бөмбөлөг шиг
Хага үсэрчихэлгүй чамайг хүлээж чадах вэ
Хэлж чадашгүй хараал шид мэт
Хэлж барамгүй худал хоосон мэт
Хайрт минь
Ханаж эгээршгүй минь
Үхэхийн өмнө ч гэсэн ийм л мэдрэмж төрөх үү
Үхэж байхдаа хүртэл ийм жаргалтай амьдрах уу...

Saturday, February 16, 2013

Үнэхээр дотно...

Г.Лхагвадулам. Дотно алс. Үнсэлт мэт, тэврэлт шиг сайхан санагдсан билээ.

Шүлэг гэдэг амьдрал атал
Амьдрал даанч шүлэг биш 
Хайрлаж, хүссэн минь үнэн боловч
Хайр минь бас хүсэл биш
Дуугүй байгаа минь урвалт биш
Уучилсан минь амлалт биш
Дутуу үгс зангирах тусмаа
Уйлуулж орхидгийг чи мэдэх биш
Нулимсаа үзүүлэхэд минь чи дургүй
Хэдэрлэхэд чинь би бүр ч дургүй
Хэн нь хэнийхээ өмнө буруутай юм бэ
Хэлээд ч ямар нэмэртэй биш.

***

Буй биеэрээ би борооны дусал болчихоод
Будаг нь халцарсан модон сандал дээр сууж байна
Дотор минь бас нэгэн дусал- зүрх минь
Бөнжигнөөд л, хариугүй тасрах нь, хагарах нь..
Өөрийг минь хүрээлсэн гунигт үүлс
Гэрийн хана шиг эвхрээд л, дугуйраад л...
Өрхөө татаад өгөөч, хөтлөлцөн буух дуслууд минь. Намайг тэтгэхээ болиоч!
Өвдөж ханасан би. Бутрахыг минь зөвшөөрөөч!

Friday, February 15, 2013

Энд нэг блог нээсэн

Хичнээн удаа блог нээж, устгав аа яа яа яа. Энэ магадгүй эцсийн эцэст өөртөө л буруу тохдог араншингийн минь илрэл биз. Ямар ч байсан энэ удаад томоос том байшин босгохоор шийдэв. УДАХГҮЙ та ч уншиж магадгүй яруу найргийн ном. Хэзээд халуу дүүгэх ГУРАВДУГААР САРЫН БАЙШИН.