Thursday, March 7, 2013

Хайр гэдэг...

Хайр гэдэг үг хорлол байж мэднэ
Хамгийн гүнзгий гэтлэшгүй цүнхээл байж мэднэ
Хайр гэдэг чухамдаа нулимс юм, энэлэл юм
Хайрын төлөө хүмүүс хадаг шиг сэмрээд үгүй болдог
Хайр гэдэг чухам хууралт байж мэднэ
Хэн нэгэн толь тусгаад эрхлэж байж мэднэ
Хайр гэдэг үнэндээ урам хугаралт, даль мухардалт
Хайрын нэрээр хүмүүс нэгнээ тасчин үгүй хийдэг.

Tuesday, March 5, 2013

Хуучин дурсамж

Энд би яг тань шиг, харцандаа гуниг тэвэрсээр
Энд, тэнд сэрвэлзэх шувуудын салхинд чих тавьж
Эргээд харахын зуурт залуу насаа үрчихээд
Ийм удаан яагаад, юу эрснээ ч ойлгоогүй
Ивлэх халуун харууслыг үгс л орлох
Этгээд атлаа хүйтэн, холын эр байлаа
Үнэхээр би яг тань шиг, үүлнээс үнэн эрж
Өдөр бүхэн дальдчих альхан зуурын итгэлээ
Өөр шигээ нэгэнд гэнэ сэрэггүй тулгачихаад
Хэрхэн гэм хийснээ хэзээ ч ухаараагүй
Хөрөг зураг мэт гашуун бахдал төрүүлэм
Хөөрхийлөлтэй гэнэн, хөгшин эр байлаа.

Sunday, March 3, 2013

Өнөөдөр

 
гэнэт хавар эхлэх...гуниглаж өнгөрөөсөн өвөлдөө харуусах...

Friday, March 1, 2013

Бодлыг минь хөндөлгүй ургасан өвс чамдаа...

Хэлэх үг зөндөө байвч хэл ороогоод гарч өгдөггүй. Сайнаасаа муу нь хэтийдсэн эгчийгээ дөвийлгөж хөөргөдөг, ойлгож уучилдаг, өргөстэй үгийг нь ёо гэлгүй шингээж өөдөсхөн биеэрээ авран хамгаалдаг... миний муухай дүү сайн яваад, санасанаа гүйцээгээд тэгээд л ир.

Tuesday, February 26, 2013

Насанд хүрээгүй хөвгүүн шиг...

                                                         Чи миний хөгжим.
Р.
Залуу нас - мансууралд автсан насанд хүрээгүй хөвгүүн шиг
дандаа өөрийгөө зөвтгөх хүч чадал
Залуу нас - завь нь далбийхад бүгд инээлдэх амьдралд өширхсөн хэн нэгний хоосон гүтгэлэг шиг аргаа барсан үйлдэлүүд
Залуу нас - малгайгаа авахад навчис тунимхай хонгор нулимс, аль эсвэл сүрэг цахлай шиг нүдээ анин нисэлдэх
хэн ч олж харахгүй хэтэрхий уянгалаг эгшин
Залуу нас - амьд хөгжим, үүрдийн хөгшрөлд биеэ өгөөд  ур муутайхан инээвхийлэх тэнэгхэн хөгшиний өөрийгөө чөлөөлсөн тэртээд хяхтнах дээд өнгө
Залуу нас - гараа өргөөд буулгалгүй зуун бээр гүйчихсэн донтой тамирчины төрөлхийн гажиг, эгэл хорвоод шунах  эрээ цээргүй мэдрэл
Залуу нас - замдаа таарах бүгдийн нүдийг сох хатгачихаад эрэмдэг энэлэнт хүмүүст зүхүүлж чичлүүлж ханаад цаазын тавцанд толгойгоо тушаах мэт цаанаа нэхэлтэй өрийн бичиг
Залуу нас - залбирсан чигтээ амирланг олсон ариун дарь эхийн аманд тээглэн үлдсэн сүүлчийн хэдэн үгс  тэсэлгүй яаран хүлээж хүлээж залхаад, тэнд биесээ жаргаасан тэвчээр муутай уулгамч дур тачаал  
Залуу нас - эрхтэн бүхэн нь цовхчоод эзнээ тарчилгахад эзэн тэднээс хариугаа болгоож эдгэх, эдгэхгүй өвчин хэдэн мянгаар нь тусгадаг инээдтэй хошин, хүмүүс хүсдэг элэг хөшөөм эмгэнэл
Залуу нас – галаар босгосон хөшөө, залуу төрхийг булаан эзэмшигч зам зуурын гүйдэл
Залуу нас - хүч чадал хийгээд хий хоосон үйлдлүүд, тунгалаг  эгшин, туниа муутай дэвэлт, төрөлхийн гажигтай мэдрэл, төлөөс нэхэх өрийн бичиг, тэвчээр муутай уулгамч дур тачаал, тэнэгхэн инээдтэй гүн эмгэнэл, заяа төөргийн хөшөө, зам зуурын гүйдэлтэй хаяг гарвал.

Friday, February 22, 2013

хувилбарууд...Эмэгчин зөн


Бэлэгдэл бол дээд ертөнцийн сүүдэр.
/ үнэндээ хуучин бичлэгээ тавих нэг тийм... гэвчиг одоо харахад би бичээгүй юм шиг /

Түүний юу ч хайгаагүй, юу ч хүсээгүй амьдралд ийм гэнэтийн зүйл тохионо гэж хэн саналаа. Магадгүй солиотой гэдэгтэй нь бүгд санал нийлж болох ч энэ түүхийг хий хоосон зүйл байсан гэдэгт би л хувьдаа эргэлзэнэ. Тодорхой цаг хугацаа, бариад авчих хүний нэр ядахнаа үгүй ч  бүгд л сонсоод толгой дохих мэт хүлцэнгүй болдог гэнэ.
...Тэр хаанаас ч юм гараад хаашаа ч юм алхаж байв. Тэгтэл идэр насны хоёр залуу дунд хэмжээний биетэй шар алаг могой тэвэрсээр өөдөөс нь аажуухан дөхөж байлаа. Хорт могойны аюулт толгойг нэг нь гараараа тэвэрч, нөгөө нь сүүлэн биеийг эвтэйхэн өргөн ойртож очсон хүн бүрээс нэгэн зүйлийг ихэд гуйн баргар царайлж байх ажээ. Бүсгүйн ээлж ирэв. Могойн толгойг тэвэрсэн эр могойн нүднээс ч муухай харцаар түүнийг цоргин харж энийг авчихгүй биз хэмээн шивгэнэлээ. Үнэндээ хүссэндээ ч биш бүсгүйг ямар нэгэн  хүчин ховсдож тэр эрийн хэлсэн үнийг өгөхийн тулд хажууд байгаа огт танихгүй хүнээс хэдэн төгрөг гуйхад хүргэв. Яаж ч авсанаа мэдэлгүйгээр хорь дөнгөж өнгөрч яваа турьхан бүсгүй өөртөө ахадсан хүчирхэг ачааг итгэлтэй, зоригтой өргөн цаг гаруй алхжээ.
            Дараа нь тэр гэнэт ухаан орж маш ихээр айн сандрав. Амьтны дэлгүүр олдвол зүгээр л үлдээж салж санаа амрахаар шийджээ. Даанч хэзээ ч танил байгаагүй мэт санагдах хар захд амьтан зарах нь байтугай гүйж яваа нохой ч харагдсангүй. Бушуухан нэг буланд нүдээ анин могойг шидээд хаашаа ч юм хамаг хүчээрээ зугтлаа.
            Бүсгүйн хаанаас ч юм гарч ирсэн тэр газар нь хөлсний байр болж таарав. Тэр их сургуульд сурдаг, бас буудлынх гэмээр умгар өрөөнд царай муутай хоорондоо гайхмаар адилхан эгч дүү хоёртой хамт амьдардаг байж.
            Орой болоход эгч дүү хоёртой болзсон юм шиг жижүүрийн үүдэнд тааралдаж хамт дээш өгслөө. Тэр өрөөндөө орж ирэхэд алдагдсан могойн дурсамж харван орж ирэв. Хэзээ ч мэдрэгдэж байгаагүй зөн билгийнхээ ачаар бүсгүй могой түүний сүүдрийг мөшгин аль хэдийнээ энэ өрөөнд эзэн суусныг мэджээ. Галзуурсан чоно адил гийнан тэр хоёрыг хүчээр хөөн гаргалаа. Энэ зуур ч бас хормын дараа могой түүний хөлийг шархдуулахыг зөгнөв.
            Аймшигтай орилон гүйхэд могой түүний араас хөөсөнгүй. Яг л хайртай хүндээ сануулга өгсөн харт эр шиг бардам цогнойн сууж байлаа.
            Түүнийг сандран жижүүр дээр гүйж очиход эгч дүү хоёр аль хэдийнээ урьтсан байсан учир итгэх хүн гарсангүй. Шархыг нь галзуу хүн биеэ зүссэн мэтээр хүлээж авах тэрхэн мөчид нэгэн бүсгүйн орилоон дээд давхарыг цуурайтуулж ашгүй түүнийг аварчээ.
            Бүсгүй мөн л зөнгөөрөө түүнийг хамгийн булангийн хүн байхгүй өрөөнд цогнойн сууж байгааг нь харав. Гурван бадриун эр заазуур аваад ороход хэн ч ямар ч авиа сонссонгүй. Харин бүсгүй л эр хүн бие засаж буй мэт тавирч байгаа могойн цусыг олж харжээ.
            Шөнө болоход зүүд мэт бүгд могойг мартав. Бүсгүй болоод өнгөрсөн явдалд ихэд эвгүйцэн танил залуугийндаа хоног төөрүүлэхээр очжээ. Түүнд юу ч хэлэлгүй гарыг нь дэрлэн хэвтэж байхдаа нөгөө могойн нүд түүнийг маш ихээр догдлуулсаар хаа нэгтээгээс ширтэн буйг нь мэдсэн гэдэг.
Энэ явдалаас яг есөн сарын дараа зайгуул галзуу эмэгтэй амаржив. Бүгд түүнийг гоочлон хардаг ч харин түүний нөхөр нь итгэж болох бөх гээчийн хана хэрэмийг босгожээ.

Жич: Дээрх бичлэг хэдий хэтрүүлэгтэй ч гэсэн тун удалгүй би миний амьдралын биелсэн зүүд, миний гэрэл гэгээ болох бяцхан хүүгээ олсон билээ.