Showing posts with label миний шүлэг. Show all posts
Showing posts with label миний шүлэг. Show all posts

Thursday, March 7, 2013

Хайр гэдэг...

Хайр гэдэг үг хорлол байж мэднэ
Хамгийн гүнзгий гэтлэшгүй цүнхээл байж мэднэ
Хайр гэдэг чухамдаа нулимс юм, энэлэл юм
Хайрын төлөө хүмүүс хадаг шиг сэмрээд үгүй болдог
Хайр гэдэг чухам хууралт байж мэднэ
Хэн нэгэн толь тусгаад эрхлэж байж мэднэ
Хайр гэдэг үнэндээ урам хугаралт, даль мухардалт
Хайрын нэрээр хүмүүс нэгнээ тасчин үгүй хийдэг.

Tuesday, March 5, 2013

Хуучин дурсамж

Энд би яг тань шиг, харцандаа гуниг тэвэрсээр
Энд, тэнд сэрвэлзэх шувуудын салхинд чих тавьж
Эргээд харахын зуурт залуу насаа үрчихээд
Ийм удаан яагаад, юу эрснээ ч ойлгоогүй
Ивлэх халуун харууслыг үгс л орлох
Этгээд атлаа хүйтэн, холын эр байлаа
Үнэхээр би яг тань шиг, үүлнээс үнэн эрж
Өдөр бүхэн дальдчих альхан зуурын итгэлээ
Өөр шигээ нэгэнд гэнэ сэрэггүй тулгачихаад
Хэрхэн гэм хийснээ хэзээ ч ухаараагүй
Хөрөг зураг мэт гашуун бахдал төрүүлэм
Хөөрхийлөлтэй гэнэн, хөгшин эр байлаа.

Tuesday, February 26, 2013

Насанд хүрээгүй хөвгүүн шиг...

                                                         Чи миний хөгжим.
Р.
Залуу нас - мансууралд автсан насанд хүрээгүй хөвгүүн шиг
дандаа өөрийгөө зөвтгөх хүч чадал
Залуу нас - завь нь далбийхад бүгд инээлдэх амьдралд өширхсөн хэн нэгний хоосон гүтгэлэг шиг аргаа барсан үйлдэлүүд
Залуу нас - малгайгаа авахад навчис тунимхай хонгор нулимс, аль эсвэл сүрэг цахлай шиг нүдээ анин нисэлдэх
хэн ч олж харахгүй хэтэрхий уянгалаг эгшин
Залуу нас - амьд хөгжим, үүрдийн хөгшрөлд биеэ өгөөд  ур муутайхан инээвхийлэх тэнэгхэн хөгшиний өөрийгөө чөлөөлсөн тэртээд хяхтнах дээд өнгө
Залуу нас - гараа өргөөд буулгалгүй зуун бээр гүйчихсэн донтой тамирчины төрөлхийн гажиг, эгэл хорвоод шунах  эрээ цээргүй мэдрэл
Залуу нас - замдаа таарах бүгдийн нүдийг сох хатгачихаад эрэмдэг энэлэнт хүмүүст зүхүүлж чичлүүлж ханаад цаазын тавцанд толгойгоо тушаах мэт цаанаа нэхэлтэй өрийн бичиг
Залуу нас - залбирсан чигтээ амирланг олсон ариун дарь эхийн аманд тээглэн үлдсэн сүүлчийн хэдэн үгс  тэсэлгүй яаран хүлээж хүлээж залхаад, тэнд биесээ жаргаасан тэвчээр муутай уулгамч дур тачаал  
Залуу нас - эрхтэн бүхэн нь цовхчоод эзнээ тарчилгахад эзэн тэднээс хариугаа болгоож эдгэх, эдгэхгүй өвчин хэдэн мянгаар нь тусгадаг инээдтэй хошин, хүмүүс хүсдэг элэг хөшөөм эмгэнэл
Залуу нас – галаар босгосон хөшөө, залуу төрхийг булаан эзэмшигч зам зуурын гүйдэл
Залуу нас - хүч чадал хийгээд хий хоосон үйлдлүүд, тунгалаг  эгшин, туниа муутай дэвэлт, төрөлхийн гажигтай мэдрэл, төлөөс нэхэх өрийн бичиг, тэвчээр муутай уулгамч дур тачаал, тэнэгхэн инээдтэй гүн эмгэнэл, заяа төөргийн хөшөө, зам зуурын гүйдэлтэй хаяг гарвал.

Monday, February 18, 2013

Шүлэг шиг амьдрахгүй.


Яагаад ч шүлэг шиг амьдрахгүйгээ, бас дахин дурлахгүйгээ
Яалаа ч ахиж чамайг нулимсгүйгээр бодохгүйгээ
Яаж ч их хүсээд хүлцэн тэвчиж өнгөрөхөө
Ядаж энэ өдөр ухаарсан минь сайхан байна
Хичнээн гомдоод чамд юу ч хэлж чадахгүйдээ
Хичнээн урваад чамайг өөр гэж итгэхгүйдээ
Хардаж, хичнээн харамлаад өмрөөд л үлдэх энүүхэндээ
Хичнээн ихээр талархаж, ямар ихээр баясна
Залуу явахын зуур од мэт тохиосон
Замхарч хэзээ ч хоосрохгүй зүүд гэж шивнээд
Замхарч хоосрохын дайтай  зүсэн нүүж алславч
Зам ороож далласан гэрэл гэж итгээд.

Sunday, February 17, 2013

Үхэхийн өмнө ч гэсэн...

Үхэхийн өмнө ч гэсэн ийм мэдрэмж төрөх үү
Үнсүүлээд үгүйрчихсэн мэт өр эмтлэм байх уу
Нүдийг чинь, уруулыг чинь өөрөөсөө харж
Нүүр, сэтгэлээ үзэн ядаж, халуун шунагаар тарчлах уу
Ахиад би ингэж хэдэн жил амьд явах вэ
Амьдрах гэдэг үнэндээ чиний дотор хоригдох мэт...
Ахиад би ингэж хэр удаан тэвчих вэ
Амаа ганц ч ангайлгүй чамайг дуудан хашхирч...
Хэр удаан гараа сунгавал чи намайг татах вэ
Хэрхэн энд ирснийг нулимс минь илчилнэ
Хэр удаан би ингэж үлээгдсэн бөмбөлөг шиг
Хага үсэрчихэлгүй чамайг хүлээж чадах вэ
Хэлж чадашгүй хараал шид мэт
Хэлж барамгүй худал хоосон мэт
Хайрт минь
Ханаж эгээршгүй минь
Үхэхийн өмнө ч гэсэн ийм л мэдрэмж төрөх үү
Үхэж байхдаа хүртэл ийм жаргалтай амьдрах уу...